Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Түүхэн замнал

Түүх

Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан.

Засаг захиргааны хуваарь

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэж 2 хэсэгт хуваадаг.

Сүлд тэмдэг

Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд "Хаан бугуйвч" бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. "Хаан бугуйвч" нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно.

Газар зүй

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.

Хүн ам

Дархан хот нь 2018 оны байдлаар 105,923 мянган хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг. Анх 1960-аад оны эхээр тус хотыг байгуулахад улс орны өнцөг булан бүрээс залуучуудыг илгээлтээр илгээж хүн амыг бүрэлдүүлсэн байна.