ДАРХАНД ӨНӨӨДӨР 1️ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, 26 ХҮН ЭДГЭРЧЭЭ
Сүүлийн 24 цагт 145 хүнээс PCR шинжилгээ авахад 1 хүнээс халдвар илэрсэн. Уг хүний хувьд шинж тэмдэг илэрч эмнэлэгт ханджээ. Ингэснээр 2021.05.08-ны өдрийн байдлаар нийт тохиолдол 656, өссөн дүнгээр 701 боллоо.
Өнөөдрийн байдлаар өвчлөлийн 2 голомт хасагдаж 25 голомт идэвхгүй болсон. Одоо хянагдаж байгаа 22 голомт байна. Үүнээс 1 өвчлөлтэй 1 голомт байна.
Эмчлэн тусгаарлах байранд 98 хүн эмчлүүлж байна. Үүнээс:
-Хүнд 2
-Хүндэвтэр 3
-Хөнгөн 93 хүн байна. Уушгины хатгалгаатай 10 хүн байна. Эмчлүүлэгсдийн 74 нь том хүн, 24 нь 0-15 насны хүүхэд байна.
26 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 558 хүн эмчлэгдээд байна.
Ажиглан тусгаарлах таван байранд 65 иргэн байгаагийн 28 нь хүүхэд байна.
Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирсэн 616 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 461 нийт 1077 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Өчигдөр нийт 3731 хүн ковидын эсрэг вакцинд хамрагджээ. Үүнээс 1-р тунд 3590 хүн, 2-р тунд 141 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт өнөөдөр байнгын 4, явуулын нэг цэгт орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал:
Вакцинд хамрагдах хүсэлтэй иргэд ЕБ-ын 4, 18, Од цогцолбор сургуулийн Б байранд сайн дураараа очиж 1-р тунгаа тариулах боломжтой.
Харин Жигүүр цогцолбор буюу 16-р сургуулийн байранд ЭМГ-т бүртгэлтэй /хорт хавдар зэрэг эрүүл мэндийн шалтгаантай/ иргэдийг вакцинжуулна.
Явуулын нэг цэгээр судалгаанд хамрагдсан хэвтрийн асаргаанд байдаг иргэдийг вакцинжуулах юм.
Иргэд дархлаажуулалтын давтан тун буюу 2 дахь тунгаа хийлгэсэн бол ЭМДЕГ-ын цахим системд нэвтэрч вакцинд хамрагдсан тарилгын гэрчилгээн дээрх мэдээллээ монгол, англи хэлээр нягтлан харах, хэвлэн авах боломжтой.